Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр нь Монголын экосистемийн хамгаалалт, хадгалалт, аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэх зорилготой залуу боловсон хүчинд зориулсан 5 сар үргэлжлэх хөтөлбөр юм. Хөтөлбөрт шалгарсан 18 залуус Монгол орны экологийн үнэт өвийг хамгаалах ба хадгалах үйлсэд манлайлах үүрэг гүйцэтгэгчид болон оролцоно.
Хөтөлбөрийн турш оролцогчид тулгамдсан сэдвээр гадаад ба дотоодын мэргэжилтэнүүдийн хичээл лекцэнд хамрагдаж, ангид сурсанаа биетээр харах боломжийг сэдэвчилсэн аялалын хүрээнд эдэлнэ. Хичээл сургалтын гол чиглэл нь Монгол орны эдийн засгийн аюулгүй байдал нь байгалийн баялаг, эрчим хүч эрүүл мэндийн салбартай хэрхэн уялдан холбогдож буй талаар байх болно. Эдгээр мэргэжлийн талын хичээл сургалтаас гадна оролцогчид нь ирээдүйд салбар салбартаа байгаль орчинд ээлтэй нөлөө үзүүлдэг шийдвэр гаргагчид, манлайлагчид болно гэдэг үүднээс манлайлал, удирдах чадварыг хөгжүүлэх нэмэлт хичээлүүд багтсан байгаа билээ.
Өнөө үеийн залуус Монголын байгаль орчинд тулгараад буй аюул заналхийллийг хамгийн ихээр мэдэрч ухамсарлаж байгаа үеийнхэн мөн. Үүний тод илрэл нь сүүлийн үед олноор төрөн гарч буй байгаль орчны тулгамдсан асуудлыг хөндөн ажилладаг байгаль орчны байгууллага, клубүүд, цахим блог зэргүүд юм. Гэвч харамсалтай нь эдгээр байгууллагуудад ихэвчлэн нэгдсэн системт чиглэл, удирдлага дутагдалтай байдаг учраас нийгэмд тэр бүр нөлөөлөхүйц үйл ажиллагаа хийж чаддаггүй.
Тийм ч учраас Зориг сангаас хэрэгжүүлж буй эл системчлэгдсэн, тодорхой төлөвлөгөө зорилттой хөтөлбөр нь залуучуудад нэгдсэн сургалтад хамрагдаж тодорхой чиглэлтэйгээр бие даан ажиллахад бүрэн нийцсэн, цаг үеэ олсон ажил юм.
Хөтөлбөрийн бүтэц
Оролцогчид хөтөлбөр үргэлжлэх 5 сарын хугацаанд лекц, семинар хэлбэрээр явагдах хичээлүүдэд хамрагдана. Хичээлүүд 2 долоо хоногт нэг удаа Бямба гаригт бүтэн өдрийн туршид Зориг сан эсвэл бусад тохиромжтой хичээлийн байранд явагдах юм.
Мөн ангид сурсан мэдлэгээ амьдрал дээр баталгаажуулах үүднээс сэдэвчилсэн аялалууд зохион байгуулж байгаль орчин нь ашиглалтын явцад нөлөөнд өртсөн газруудтай биечлэн танилцах болно. Хөтөлбөрийн өөр нэг онцлог хэсэг нь оролцогчдын өөрсдийнх нь санаачлан хэрэгжүүлэх бичил төслүүд байгаа юм.
Нийт оролцогчид гурван багт хуваагдаж, баг бүрт олгосон багахан санхүүжилтийн хүрээнд нийгэмд тустай төсөл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн төгсгөлд хамгийн амжилттай ажилласан баг шагнал хүртэнэ.
Хөтөлбөрийн хуваарь
Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр нь ерөнхий асуудал, хотжилтын асуудал, уул уурхай, биологийн олон янз байдал ба манлайлал гэсэн таван үндсэн хэсэгт хуваагдаж байгаа юм.
Ерөнхий асуудлын хүрээнд оролцогчид Засийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал хийгээд бусад томоохон байгаль орчны байгууллагуудын (Байгаль Орчны Иргэний Зөвлөл гэх мэт) төлөөлөлтэй уулзаж байгаль орчны талаарх ерөнхий мэдлэгийг олж авах буюу бататгана.
Манлайллын хичээлийг мэргэшсэн туршлагатай багш нар заах бөгөөд бүх семинарууд нь үзэл бодол, үйл хэргээ амжилттайгаар хэрэгжүүлж чадах манлайлагчдыг бэлтгэн гаргахад зориулагдсан болно.
Үлдсэн 3 хэсгийн хичээлүүдийг заахдаа бодолгын ба хэрэгжилтийн гэсэн 2 өнцгөөс авч үзэн заах юм.
Бодолгын өнцгөөс авч үзнэ гэдэг нь бодолго боловсруулах түвшинд асуудал хэрхэн авч хэлэлцэгддэгийг заах бөгөөд энэ нь оролцогчдод байгаль орчны хууль дүрмүүдийг ямар бодолго логик, шат дараалалтайгаар явагддагийг ойлгоход өндөр ач холбогдолтой байх нь дамжиггүй.
Хэрэгжилтийн өнцгөөс авч үзнэ гэдэгт аливаа компани, хувийн хэвшлүүдийг төлөөлж зочид уригдах бөгөөд байгаль орчны асуудалд тэдний өнцгөөс хэрхэн хандаж буйг ойлгуулна.
Хотын иргэдийн өдөр тутам тулгарч буй олон асуудлыг бид хотжилтын асуудлын хэсэгтээ хөндөх юм. Энэ нь хүн ам хэт олширч эрчим хүчний хомсдолд өртөж буй Улаанбаатар хотын иргэдэд нэн хамааралтай.
Уул уурхайн хэсэгт Монгол орон дахь уул уурхайн салбарын огцом өсч буй нэр хүнд, явц ба гарах үр дагаврын талаар ярилцана. Уул уурхайн салбарын хөгжлөөс үүдэн гарах эдийн засгийн таатай нөхцөл ба байгаль орчны бохирдлын хоорондох уялдаа холбоо, сонголтын талаар төвийг сахьсан байр сүүрьнаас хандан асуудал дэвшүүлнэ. Энэ хэсгийн хүрээнд уул уурхайн олборлолт явагдаж буй талбарууд руу зочилж, биечлэн танилцана.
Биологийн олон янз байдлын хүрээнд Монгол оронд хүндээр тулгарч буй биологийн төрөл зүйлийн усталт, хомсдол эрсдэлийн талаар дурьдах юм.
Биологийн төрөл зүйлийн усталт нь цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн зүй зохисгүй ашиглалт, хулгайн ан агнуур, мод зөвшөөрөлгүй огтлох зэрэг хүний үйл ажиллагаатай хэрхэн холбогдож буй талаар голчлон ярилцана.
Хөтөлбөрөөс гарах үр дүн
Хөтөлбөрөөс бид дараах үр дүнг гарна хэмээн зорьж байна. Үүнд:
- Монгол оронд тулгарч буй байгаль орчны хамгийн тулгамдсан асуудлуудын талаарх ойлголтоо дээшлүүлэх
- Байгаль орчны тулгамдсан асуудлуудын эсрэг үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, тэдний хоорондын хамтын ажиллагаа, үүрэг, эрх мэдлийн талаар мэдлэгтэй болох
- Өөрсдийн салбарт эрхэлдэг ажил үүргээ нийгмийн бусад салбартай холбож, тэдэнд таниулах
- Байгаль орчны тулгамдсан асуудлын эсрэг өндөр иргэний үүрэг хариуцлагатай болох
- Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөрийн хамт олны нэгдсэн сүлжээг бий болгох
- Хөтөлбөрийн хүрээнд багаар хамтарч гүйцэтгэсэн төсөл, манлайллын хичээлүүдэд хамрагдсанаар олж авах удирдагч хүний өөртөө итгэх итгэл болон бусад төлөв шинжүүдийг хүн нэг бүр эзэмших
Эл хөтөлбөрийг Ньюком групп, Хасбанк, The Nature Conservancy болон Монгол дахь Рио Тинто компаниуд ивээн тэтгэсэн болно.
Энэ жилийн хѳтѳлбѳрт хамрагдахыг хүсэгчид дараахи шаардлагыг хангасан байна:
- 22-26 настай, их, дээд сургууль төгссөн
- Байгаль орчны асуудлуудад санаа тавьдаг
Бүрдүүлэх материал
- Өргөдлийн маягт (татаж авах-монгол)(татаж авах-англи)
- Намтар /CV/
- Та яагаад энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа талаар мөн хувь хүн ба ажил мэлгэжлийн онцлогоороо та байгаль орчны тулгамдсан асуудлуудад ямар хувь нэмэр оруулж байгаа эсэх талаар эссэ бичнэ үү. Таны бичих эссэ А4 бичгийн цаасны 2 нүүрнээс (500-1000) үгнээс хэтрэхгүй байна.
Өргөдлийн материалыг 2011 оны 11-р сарын 18-ны 17 цаг хүртэл Зориг сангийн байранд биечлэн авчирч өгөх ба и-мэйл хаягаар /admin@zorigfoundation.org/ илгээж болно.
Шалгаруулах явц:
Шалгаруулалт нь хоёр шаттай явагдана.
1. Эссе болон өргөдлийн маягтыг үндэслэн урьдчилсан шалгаруулалтыг явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчид 11-р сарын 25-ны дотор утсаар мэдэгдэнэ.
2. Урьчилсан шалгаруулалтанд тэнцсэн залуучуудыг 11-р сарын 26 – 27-ний өдрүүдэд ярилцлаганд урьж оролцуулна. Шалгаруулалтын эцсийн дүнг 11- сарын 29-ны хооронд өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.

