Зориг сангийн Залуу Манлайлал Хөтөлбөр
Зориг сангийн Залуу Манлайлал Хөтөлбөр (ЗМХ) нь 2003 оноос эхэлсэн бөгөөд Хаанбанк сан олон жилийн туршид дэмжин санхүүжүүлж ирээдүйн удирдагчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж ирсэн билээ. ЗМХ нь дээд сургууль төгссөн 22-25 насны бүх залуучуудад нээлттэй бөгөөд 8 сарын турш манлайлал, менежментийн ур чадвараа хөгжүүлэх, дэлхий ертөнц, бүлэг, хамт олныхоо тухай мэдлэгээ өргөжүүлэн өөрийгөө хөгжүүлэх цуврал үйл ажиллагаа, арга хэмжээнд хамрагдах боломж олгодог. Баялаг үр дүнтэй харилцаа бол манлайлалын чухал хэсэг ба үүний дүнд хүчтэй хамт олон, нийгэм, байгууллага, гэр бүл бүрддэг. Өнгөрсөн хугацаанд ЗМХ-ийн төгсөгчид бие биенээ дэмжих төдийгүй хамтарч ажиллах төгсөгчдийн багийг бүрдүүлсэн. ЗМХ нь манлайлах чадварыг хөгжүүлэхийн тулд хувь хүнийг хөгжүүлэх явдал, манлайлагч иргэн болохын тулд хувь хүн хүчтэй байх ёстой гэж үздэг. Манлайлагч хүн өөртөө итгэлтэй байх шаардлагатай. Итгэлтэй байх нь өөрийн хүч чадалдаа итгэлтэй байх, өөрийн хязгаарыг тогтоох чадвартай байхыг мэдэхээс эхэлнэ.Өөрийгөө мэддэг байх нь нэгэн зорилго, санааг хэрэгжүүлэх хүчтэй баг бүрдүүлж удирдах итгэлтэй байхад хамааралтай. ЗМХ-ийн хүрээнд оролцогчид зорилго тодорхойлох, баг бүрдүүлэх, удирдах арга барилд суралцах туршлага хуримтлуулна.
Жил бүр их дээд сургууль төгссөн 20 орчим залуусыг сонгон авч харилцаа, дүн шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх болон баг бүрдүүлэх 8 сарын хугацаатай хөтөлбөрт хамруулдаг. Сургалтын үйл ажиллагаа нь бодит амьдралын жишээн дээр тулгуурласан танхимын хичээл, ярилцлага, мэтгэлцэх байдлаар зохион байгуулагддаг. Оролцогчид үндэсний болон дэлхий нийтийг хамарсан нийгэм, улс төр эдийн засгийн ойлголтыг өгдөг. Хичээлийн дийлэнхийг салбар салбарын манлайлагчид, үндэсний болон гадаадын туршлагатай мэргэжилтнүүд ордог. Зохиолч Макс ДеПрее “Манлайлал нь ном уншаад сурчихдаг зүйл биш харин суралцахад цаг хугацаа шаарддаг урлаг юм” гэж хэлсэн байдаг. Зориг сангийн ЗМХ нь залуучуудын амьдралынхаа турш манлайлах чадвараа төгөлдөржүүлэх аялалын эхлэлийг тавьж өгдөг. Энэ нь хүн өөрийнхөө мөн чанарыг таних, өөрийн хүч чадлаа мэдэх дотоод ертөнцийн аялал юм.
Хөтөлбөрийн хичээл
Хичээлийн тал хувь нь байгууллагуудтай танилцах аялал, тал хувь нь лекц, ярилцлага, мэтгэлцээний байдлаар явагддаг. Энэ жилийн хөтөлбөрийн оролцогч залуус дараах байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн очиж танилцлаа. Үүнд: Бороо Гоулд ХХК, Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Изинис Айрвэйз ХХК, МҮОНТ, ДБЭТ, Хаан банк, УСУГ, Монголиан Стар Мелшерс ХХК, Оюуны өмчийн газар, Азийн урлаг ХХК, Эмнести Интернэйшнл, Монголын Урлагийн Зөвлөл зэрэг байгууллага, албан газруудаар зочилж үйл ажиллагаатай нь танилцсан.
Хөтөлбөрт олон шилдэг мэргэжилтэн, манлайлагчид лекц, ярилцлага хийснийг дурьдвал: Глоб Интернэйшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн захирал Д.Энхжаргал, АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Жонатан С. Эдлтон, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч Ц.Цогт, Хаан банкны зөвлөх, Хөрөнгийн биржийн ТУЗ-ын дэд дарга Питер Морроу, Стратегийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Машбат, Хаан банкны хууль, эрх зүй хариуцсан захирал Э.Оюунбилэг, хөтөлбөрийн санаачлагч АНУ дахь Зориг сангийн тэргүүн Волтер Женкинс, УИХ-ын гишүүн С.Оюун, Х.Тэмүүжин, Д.Энхбат, Непко ХХК-ны захирал Баабар, Тагнуулын Ерөнхий Газрын ажилтан Д.Мөнх-Очир, Клин Энержи ХХК-ны гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Веб Гуру ХХК-ны захирал Ч.Мэргэн, Байгаль хамгааллын асуудлаар зөвлөх мэргэжилтэн Киит Свенсон, Монголын Урлагийн Зөвлөлийн АНУ дахь салбарын тэргүүн Двайт Жи нарын шилдэг мэргэжилтэнүүд, нийгмийн зүтгэлтнүүд хичээл орж бидэнтэй үнэтэй мэдлэг туршлагаасаа хуваалцсан юм.




