Зориг Сан
Би монгол хүний саруул ухаанд итгэдэг.С.Зориг

Залуус ба боловсрол / Хэрэгжиж буй

Зориг сан, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Зориг сан, Швейцарийн хөгжлийн агентлагтай (SDC) хамтран дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бүх оюутнуудад 1,2 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоос гадна оюутнууд хамтран нийгэмд тустай бичил төсөл боловсруулан хэрэгжүүлэх, мөн тодорхой тооны оюутнуудыг мэргэжлийн чиглэлээр дадлага хийлгэнэ.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхиүлэн дэмжих зорилготой.

Хөтөлбөрт хамруулах шалгуурууд:

-Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангид диплом, бакалавр зэргээр 2 буюу түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх

-Сурлагын голч дүн 3,2 ба түүнээс дээш байх,

-Гэр бүл нь амжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой буюу сургалтын төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй

-Оюутан залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог

-Бусад эх үүсвэрээс тэтгэлэг, тэтгэмж (Үндэсний тэтгэлэг буюу сар бүр олгогддог тэтгэлэгээс бусад бүх тэтгэлэг, тэтгэмж)-д хамрагдаагүй байх.

Бүртгэл:

-2014 оны 11 сарын 7-ны өдрийн 16 цагаас өмнө http://www.jotformpro.com/zorigfoundation/SDC2015 хуудсаар орж цахим өргөдлийн маяг бөглөнө.

-Дээрх хуудсанд "Чиний ойрын 10 жилийн төлөвлөгөө" сэдвээр 500 үгтэй эссэ /ЗААВАЛ/ хавсаргана,

-Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудасны хуулга зэргийг ЗААВАЛ хавсаргана.

Жич: Энэ хичээлийн жилээс бүртгэлийг зөвхөн цахимаар хийх тул дээр дурдсанаас өөр ямарваа нэг материал нэхэгдэхгүй болно. Иймд Зориг сангийн байранд өөрийн биеэр ирэх шаардлагагүйг анхаарна уу.

Шалгаруулалт:

Урьдчилсан шалгаруулалтыг Эссэ болон цахим өргөдлийн маягтыг үндэслэн явуулна. Зөвхөн урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай утсаар холбогдож ганцаарчилсан ярилцлаганд урих бөгөөд ярилцлагын үр дүнгээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Урьдчилсан шалгаруулалтанд тэнцсэн оюутнууд ярилцлаганд ирэхдээ:

-Суралцсан нийт хугацааны албан ёсны тамга, гарын үсэг бүхий баталгаажсан дүнгийн хуудас

-Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт (Харъяа хороо буюу багийн засаг даргын тодорхойлолт, эцэг эхийн цалингийн тодохойлолт)

-Нийгмийн идэвхийг тодорхойлсон бусад нэмэлт материал /тухайн оюутан өөрийн давуу талыг илэрхийлэх бүх төрлийн сертификат, батламж, үнэмлэх гэх мэт зүйлийг эх хувиар нь/ авч ирнэ. Шалгаруулалтыг Зориг сан болон SDC-ийн ажилтнуудаас бүрдсэн баг зохион байгуулна.

Залуу Манлайлал Хөтөлбөр

Зориг сангийн Залуу Манлайлал Хөтөлбөр (ЗМХ) нь 2003 онд эхлэснээс хойш эгнээндээ 150 гаруй залуусыг нэгтгээд байна. Хөтөлбөр нь эх орондоо ардчиллыг бэхжүүлэхийн тулд бүлэг, хамт олон, гэр бүлдээ эерэг хувь нэмэр оруулах эрмэлзэлтэй залуусын хөгжлийг дэмжих зорилготой. Их, дээд сургууль төгссөн 22-25 насны залууст нээлттэй ЗМХ тэдэнд 8 сарын турш манлайлал, менежментийн ур чадвараа хөгжүүлэх, дэлхий ертөнц, нийгэм, бүлгийнхээ тухай мэдлэгээ өргөжүүлэн өөрийгөө хөгжүүлэх цуврал үйл ажиллагаа, арга хэмжээнд хамрагдах боломж олгодог. Жил бүр 20 орчим залуу мэргэжилтнийг сонгон авч харилцаа, дүн шинжилгээ хийх, төсөл төлөвлөх, хэрэгжүүлэх болон баг бүрдүүлэх сургалтад хамруулдаг. Сургалтын үйл ажиллагаа нь бодит амьдралын жишээн дээр тулгуурласан танхимын хичээл, ярилцлага, мэтгэлцээний хэлбэрээр зохион байгуулагдана. Бизнесийн тэргүүлэгчид, гадаад дотоодын туршлагатай мэргэжилтнүүд хичээл зааж суралцагсдад үндэсний хэмжээний болон дэлхий нийтийг хамарсан нийгэм, эдийн засаг, улс төрийн мэдээлэл, ойлголт өгдөг.

Залуу Манлайлал Хөтөлбөр X Танилцуулга

Сургуулиудын түншлэл хөтөлбөр

Улаанбаатар-Денверийн ах дүү хотуудын зөвлөл болон АНУ дахь Зориг сантай хамтран хоёр орны ерөнхий боловсролын сургуулиудын хооронд түншлэл тогтоох төслийг 2005 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд сурагчид, сургуулийн удирдлага, багш нар харилцаа тогтоож, түүх соёлын болон боловсролын чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд сургууль тус бүрт сурагчдын тусгай клуб байгуулагдан хүүхдүүд интернэтээр байнгын холбоотой харьцдаг болсон. Жил бүр хөтөлбөрт хамрагдаж байгаа сургууль тус бүрээс 2 сурагч, 1 багшийнхаа хамт хоёр долоо хоногийн хугацаатай солилцооны хөтөлбөрт хамрагдан Монгол, Америк руу зорчиж найз нарынхаа сургуультай танилцаж, байгалийн үзэсгэлэнтэй газруудаар аялдаг.

 Хамтран ажиллаж байгаа сургуулиуд:

Монгол:  Ирээдүй цогцолбор сургуулийн 1-р ахлах сургууль (Улаанбаатар хот)

Эрдмийн далай цогцолбор сургууль (Мандалговь, Дундговь аймаг)

АНУ: Denver School for International Studies, Greyhills Academy High School

Оюутны тэтгэлэгт хөтөлбөр

Шинэ залуу, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх нь манай орны тогтвортой хөгжлийн гол түлхүүр гэж бид итгэдэг учраас 2000 оноос эхлэн дотоодын их дээд сургуульд амжилттай суралцаж байгаа орлого багатай өрхийн оюутнуудад сургалтын тэтгэлэг өгч эхэлсэн юм. Дотоод, гадаадын сайн санаат байгууллага, хүмүүсийн дэмжлэгээр энэ хөтөлбөр маань жилээс жилд өргөжин хүрээгээ тэлсээр нийт 750 оюутанд тэтгэлэг олгожээ. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд маань багт хуваагдан нийгэмд тустай бичил төсөл санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд нийтдээ 100 гаруй төслийг хэрэгжүүлсэн байна.

Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр

Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр нь Монголын экосистемийн хамгаалалт, хадгалалт, аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэх зорилготой залуу боловсон хүчинд зориулсан 5 сар үргэлжлэх хөтөлбөр юм. Хөтөлбөрт шалгарсан 18 залуус Монгол орны экологийн үнэт өвийг хамгаалах ба хадгалах үйлсэд манлайлах үүрэг гүйцэтгэгчид болон оролцоно.

Хөтөлбөрийн турш оролцогчид тулгамдсан сэдвээр гадаад ба дотоодын мэргэжилтэнүүдийн хичээл лекцэнд хамрагдаж, ангид сурсанаа биетээр харах боломжийг сэдэвчилсэн аялалын хүрээнд эдэлнэ. Хичээл сургалтын гол чиглэл нь Монгол орны эдийн засгийн аюулгүй байдал нь байгалийн баялаг, эрчим хүч эрүүл мэндийн салбартай хэрхэн уялдан холбогдож буй талаар байх болно. Эдгээр мэргэжлийн талын хичээл сургалтаас гадна оролцогчид нь ирээдүйд салбар салбартаа байгаль орчинд ээлтэй нөлөө үзүүлдэг шийдвэр гаргагчид, манлайлагчид болно гэдэг үүднээс манлайлал, удирдах чадварыг хөгжүүлэх нэмэлт хичээлүүд багтсан байгаа билээ.

Өнөө үеийн залуус Монголын байгаль орчинд тулгараад буй аюул заналхийллийг хамгийн ихээр мэдэрч ухамсарлаж байгаа үеийнхэн мөн. Үүний тод илрэл нь сүүлийн үед олноор төрөн гарч буй байгаль орчны тулгамдсан асуудлыг хөндөн ажилладаг байгаль орчны байгууллага, клубүүд, цахим блог зэргүүд юм. Гэвч харамсалтай нь эдгээр байгууллагуудад ихэвчлэн нэгдсэн системт чиглэл, удирдлага дутагдалтай байдаг учраас нийгэмд тэр бүр нөлөөлөхүйц үйл ажиллагаа хийж чаддаггүй.

Тийм ч учраас Зориг сангаас хэрэгжүүлж буй эл системчлэгдсэн, тодорхой төлөвлөгөө зорилттой хөтөлбөр нь залуучуудад нэгдсэн сургалтад хамрагдаж тодорхой чиглэлтэйгээр бие даан ажиллахад бүрэн нийцсэн, цаг үеэ олсон ажил юм.

Сайн засаглал
Залуус ба боловсрол
Нийгмийн хөгжил